Sunday, November 13, 2016

Түнэл найраглал

Цогнууд Ц.Цагаанчулуу
                                                      Түнэл минь (найраглал)
Азийн хөх сувд Хөвсгөл далайгаас ундрагатай
Арван зуунаар бишрэгдсэн хан хурмастын дуудлагатай
Ассан гал шиг дүрэлзсэн оргил булаалдсан уулстай
Айзам түрлэг шуранхайлсан дуу хуурын уянгатай
        Түнэл
Уулсын минь сүр
Цэцэгсийн минь охь
нутгийн минь алдар
Түмний минь бахархал
Суут эзэн Чингисийн сувдан хэлхээ тасраагүй
Шоол, Бийж, Ёлгос- Урианхай түмний өлгий
Сумны зэв шиг хатаагдсан Хотгойдын баатар Чингүнжавын
Мөрөө тамгалж дархалсан нарийн Хавчуугийн даваа
Манжийн хар цэргийг Хөвсгөлийн хязгаарт нэвтрүүлээгүй
Уран мандал уулын догшин шидэт овоо
Асбан сайдын барьцаанд толгойгоороо дэнчин тавьсан
Хотгойдын годон Дампилын өвдөг шороодоогүй нутаг
        Түнэл
Нараа шүтсэн амьдралын үнэн
Сараа биширсэн онгодын шүтээн
Түүхээ улбаалсан хөгжлийн хурд
Түмнээ дуурсгасан ардартны од
Хотгойдын унага цангинатал янцгааж босоо төрдөг
Хоёр Түнэлийн хооронд тарлуулан байж хүлэг болдог
Хүрэл шиг хөвгүүд нь ноцолдон байж нас тэгширдэг
Хүч мэх тэнцэн живхэрч бөх болдог
        Түнэл
Торгон жолоо өргүүлдэг талбар
Тоотой эрсийн зодоглодог дэвжээ
Түмэн эхийн манлайн хүлэг
Төрийн наадмын зартай бөх
Хар усны гол нь хага ташиж хаварждаг
Хацар гоо хүүхнүүд нь харц булаам мишээдэг
Түнэлийн цагаан уул нь дүнхийн цайвалзаж зуншдаг
Дэндүү ханхар эрчүүд нь дөрөөн дээрээ тэвхэлздэг
Навчилтай Баян-Эрхтийн хөндий нь найган шаргалтаж намарждаг
Намба донжтой өтгөс нь айраг сөгнөн мөнхөрдөг
Наранбумбатын рашаан нь дүн өвөлдөө анагаадаг
Насан балчир үрс нь наадан цэнгэж ухааждаг
         Түнэл
Дөрвөн цагийн гоц хослол
Түвшин ардын дүүрэн баясал
Уул усны сонихон зураглал
Уухай цуурайтсан шагайн тойром
Хавтай, Агт, Алтганы түнэр их нуруунд
Халиун буга урамдаж хийморь далласан газар
Хаг, Ачмаг, Цэнгэлийн амин дэм нуурууд
Таван хошуу малын минь тарга хүчний орд
Хөвсгөл их далайн хүй нь болсон Эг
Хөвч сарьдагаас эхтэй хатан ээж Дэлгэрмөрөн
Хан хурмастаас үүлс даллаж
Хамгийг ундаалсан Зуны гол, Наранжаргалант
Энэ их голууд
Энгүй их рашаан
Уулсаа түшин мяралзсан
Унаган нутгийн минь чандмань
Харийн дайсны өнгөлзөлгийг хатан зоригоор няцааж
Халхын голын тулаанаас хоёр цусан гавьяатай ирсэн
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн
Гомбоо агснаа дурсахуй...
Хонин сүргийн бэлчээрээс алдрын од шүүрдэж
Хошой аваргын барианд гараа сайтай довтолгосон
Хавчуу, Цог өндрөөр нутагтай
Туваанжав аваргаа бишрэхүй...
Ардын засгийн наадамд нутгаараа овоглон өндийсөн
Аварга, арслан цолтны аманд очиж үзээгүй
Алдарт хужаа хэмээх Чүлтэмсүрэн
Аанай л манай Түнэлийнх...
Тар улсаа төвшитгөсөн наяад жилийн өндөрлөгөөс
Түнэлийн ард түмнийг туулсан замтай нь харваас
Түнэл сум төрдөө данстай, түмэндээ нэртэй
Дөрвөн зүг, найман зовхист дээш дээшээ мандаг бадарч байна
           Түнэл
Өнгөжин жавхаажсан сумын минь нэр
Өөдлөн дэвжсэн нутгийн минь өнгө
Мандан бадрах хүслийн минь оч
Машид дэлгэрэх ерөөлийн минь сүлд

No comments:

Post a Comment